БУРХНЫ ШУВУУ
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

ОХИНОО ХАЙСАН НАМАР

2013 оны 01-р сарын 04 Нийтэлсэн B.Urangoo
Ээжий минь ануухан, маш сайхан инээмсэглэсээр ороод ирлээ. Гартаа боодолтой юм барьчихаж, түүнийгээ ихэд нандигнаж байгаа бололтой. Яагаад би ээжийнхээ ийм сайхан инээмсэглэлийг, тийм удаан хараагүй юм бол доо гэж гайхаж зогсоно. Үнэхээр ээжийнхээ инээмсэглэлийг ойрдоо хараагүй юм байна шүү. Сонин юм даа. Гэтэл ээж минь нэг л чухал царай гаргаж, над руу харснаа - Ээж нь чамайгаа л гэж зориод ирлээ гээд сонинд боодолтой зүйл надад өгөв. Би үл мэдэгхэн гайхаж, хэсэгхэн тээнэгэлзэж байснаа сонинд боодолтой зүйлийг нь эвтэйхэн задалж үзэв. Их гоё гялтагнасан хар хөх цаастай, амттай бололтой, зөөлөн том чихрүүд боочихож. Тэгтэл ээж нөгөө том чихрээсээ тэн хагасыг нь буцааж боогоод юу юугүй гарч явахаар аядлаа. Би гайхаж ядаад л байгаа бололтой. Тэгээд ээжийнхээ хойноос харцаа салгаж чадахгүй хоцрохдоо, "Ядаж үнсээд гарахгүй юм байхдаа" гэсэн бодол толгойд орж ирэхэд, ээжийгээ явах учиртай гэдэгт яах аргагүй дасан зохицсон байх шиг... Ээж намайг учир зүггүй урсах том том нулимсаа алгаараа арчаад зогсохыг мэдээд, "Уйлж л болохгүй шүү, Миний охин" гэж хэлснээ, эргэж ч харалгүй, нүүрээ бууруулан гарч одов. Ээжий минь уйлж байгаа бололтой. Мөр нь чичигнэн хөдөлсөөр бүр хол алхаад явчихлаа. Ээжийтэйгээ уулзаагүй ингэтлээ их удсан байхад гэж бодоод, араас нь ээжээ..., ээжээ..., ээжээ... гээд хашгиртал... Дэрээ нортол уйлсан би зүүдэлсэн юм билээ. Урт шар наран шогшоод барахгүй намрын тэр өдрүүдэд, цаг хугацаа явахгүй л юм шиг налайгаад нэг л сайхан байлаа. Намрын салхи гэрийн өрх, хаяаны навсгар уранхайг оролдоход, гэрт сууж буй балчирхан охин Бумбуулд хөгжилтэй байх агаад, ханын шийрээр орж гарч, нисэн буух бор шувуунууд эгдүүг нь улам хөдөлгөж буй бололтой. Бумбуул охин шувууны хойноос хөөж, барьчих санаатай гэр тойрон гүйх нь өхөөрдмөөр, хоёр жаахан амьтан хорвоогийн нэгэн өдрийг өнгөрөөж буй нь тэрээ. Аав, ээж нь хөөрхөн охиноо өхөөрдөхдөө "Миний бумбуул, ээжийн бумбуулай..." гэж дуудсаар байгаад Бумбуул гээд нэршчихэж дээ. Уг нь Анхмаа юм шүү дээ. Олон хүүхэдтэй өнөр өтгөн айл болохыг бэлэгдэж Анхмаа гэдэг нэрийг аав, ээж хоёр нь ярилцаж байж хайрласан. Бумбуул охиныг гутлынхаа тайлагдсан уяанд бүдэрч унахад, бор шувуунууд дэрхийж үргэнэ. Бор шувуунуудыг үргэхэд нь Бумбуул охин урамшаад, оочиж унахдаа ч уйлалгүй хойноос нь хөөж, хоёр хумбагар алгаараа амаа дарж байгаад л алгадмаар аядахад, шувуунууд цочих ч үгүй л тонголзоно. Бумбуул охин хэдэн бор шувууг үргээж, инээх л гэж уйгагүй оролдсоор өдрийн талыг авна. Түүний ход ход инээхэд л хорвоогийн хамаг л хайр хөвөрдөг бололтой. Намрын өдрүүдэд түүн шиг жаргалтай, бас завгүй, ажил ихтэй хүн тэрхэн хавьдаа алга байх. Бумбуул хэдэн бор шувуунуудтай хөөцөлдсөөр нэг мэдэхэд гэрээ хэдэнтээ тойроод гүйсэн байлаа. Тэгээд аав, ээж хоёроо гэнэт санаад хайв. Бас жаахан мөөм үмхчихмээр байдаг. Хаана байж болох зүг рүү тойруулан харж байтал аав, ээж хоёр нь гүүн зэлнээс инээлдсээр ирж байхыг хараад, урдаас нь тосоод гүйв. - ...Миний ааваа, миний ээжээ..., хайлтай шүү... гээд шулганаад л тосох охиноо тэд хоорондоо өхөөрдөж байгаа бололтой чанга чанга яриад л инээлдэнэ. Марал гүүгээ саагаад харих замд урдаасаа тосоод гүйх охиноо энхрийлэн хараад, нөхөр рүүгээ нэг сайхан харж инээгээд л ярьж алхална. - Манай Бумбуул хөөрхөн шүү. Тэрийг хар даа, гүйж байгааг нь... сөөсийчхөөд хөөрхөн амьтан шүү... гэж хэлэнгээ охин руугаа хошуу цорвойлгож - Миний бумбуулаа, ээжийн бумбуулаа..., хаана байна, аль байна... гэж өндөр дуугаар өхөөрдөнө. Харин Бумбуул охин жижигхэн хумбагар алганыхаа хойно халтайчихсан нүүрээ нуух гэж аяглаад - Ээжээ, ээжээ... миний хайлтай ээжээ гээд хэлэх зуураа бүдрээд уначихав. Марал охиноо өхөөрдөн, хайрласан харцаар харж, урдаас нь хурдан хурдан алхлах зуураа - Ээжийн бумбуул, хөөрхөн булцгараа..., өө тээглээд уначихлаа. Бумбуулынхаа гутлын уяаг уяасаар байтал энэ намар дуусах нь дээ гэж инээснээ, охиноо дээр өргөн авч үнслээ. Тэгээд намрын шар өвсөн дээр бохирон суугаад, Бумбуулын түүтэн гутлынх нь уяаг чангалж уяангаа - За болчихлоо, миний охин... гээд хэд хэдэн удаа угсруулан, хурдан хурдан үнсчихээд гэр рүүгээ тэврээд алхлаа. Гэтэл Бумбуул ээжийгээ дурайж - Үнчий, үнчий... гэж шулганангаа ээж рүүгээ шөмбөгөр хошуугаа цорвойлгоно. Тийм нэг эх, үр хоёрын хайр хөвөрсөн дүр зураг өдөр бүр болдог ч харсан, үзсэн хэн хүнд цаанаа нэг л уяралтай, энхрийхэн ялдамхан байдаг гэдгийг Маралын нөхөр дотроо л бодож явна. Энэ мэтчилэнгээр намрын өдрүүд нэг нэгээрээ өнхөрсөөр, өвөл юу юугүй хаяанд тулж ирсэн байлаа. Марал охиныхоо хонгор сэвлэгийг үнэрлэж, тэврээд гэртээ орох гэтэл шувуу хөөгөөд завгүй тоглох охин нь "бууя, бууяа, бууяа..." гээд ээжийнхээ гараас мултрах гэж аягална. Марал охиноо тэврээсээ буулгаад, илүү гэртээ орж, намар оройхон хурааж буй айргандаа саамаа юүлж, хэдэнтээ бүлээд гарав. Намар оройн айраг хөрөнгө тааруу ч өөрөө исчихдэг сайхан цаг даа. Тэднийх адуу мал сайтай, нутгийн нүүр болсон хэдхэн өрхийн нэгэн гэж хүндлэгдэнэ. Тийм ч учраас цагаан сараар нутгийн ах дүүс, хүүхэд шуухад ирнэ гээд л айраг, архиа жилийн жилд сайн базааж авдаг уламжлал тогтсоор удсан байх юм. - Энэ намар урт мөртлөө налайгаад мөн ч сайхан боллоо. Ер нь өнөөдөр дуулаараад, маргаашнаас хүйтрэх төлөвтэй болоод явчихлаа шүү гээд гэрийн эзэн малч ухаанаар хэлнэ. - Ийм сайхан, дулаанхан өдөр өнгөрсний дараа юу гэж хүйтрэхэв дээ. Дулаанхан байвал охин бид хоёрт л хэрэгтэй юм. Хоёр бээрүү амьтан... гэж Марал хэлээд, "Миний охин, бумбуулай..., бумбуулай..." гэж хэдэнтээ дуудав. Түрүүхэн гэр тойрон тоглоод гүйж байсан бумбуул охин чимээ өгсөнгүй. Марал гарч харвал ойр хавьд алга, хайгаад ч олдоггүй. Яагаад ч юм бэ, гэр дээгүүр хоёр элээ эргэлдэнэ. Сэтгэл дотроо "Түй..., түй... Муу ёрын амьтан" гэж үглэчихээд, бага гэр, тугалын хашаа, хөрш айл, саахалтын хот, хол ойроор явсан хүмүүсээс сураглаад ч охиноо тэр өдөр эс олов. Бүрэнхий боллоо. Саяхан сайхан байсан тэнгэр гэнэт харанхуйлж, салхилж, үүлшиж эхэллээ. Тэртээ тэргүй унагаа тавих дөхөж байсан ч, сүүлчийн саамаа ч авсангүй, нулимстай унагаа суллаж, зэлээ хураав. Бүтэн шөнийн турш тэднийхтэй хааяа айлсан буух саахалтын айлууд ч цурам хийлгүй хонолоо. Бумбуул охиныг олохоор хол ойргүй эрж сураглаж, сумын төв рүү хүртэл хүн амьтнаар хэл хүргүүлэн, хүч нэмүүлэн гаргаад ч олсонгүй. Ядаж гутал, бүс, малгай, дээл нь олдоно доо хэмээн санаад, машин, мотоцикль, морьтой, явган, хүүхэд шуухадгүй нийлсэн нутгийн олон түмэнтэйгээ хайсан эрэл мухардаж хаачихаа ч мэдэхгүй гацаанд оров. Эхийн байтугай тэр тухай сураг сонссон хэний ч зүрх шаналж, шимширч хонох намрын сүүлчийн өдрийг үдэж, өвлийн хүйтэн өдрийг угтав. Нутгийн сайхан намарт шувууд өвөлжих мэт хоргодсоор арайхийж буцсан тэр өдөр, ээжий минь аяных нь дөрөөнд сүү дусааж хоцордог байсан санагдлаа. Цас орж, салхи ширүүсч, хүйтний хэм нэмэгдэж, уяан дээр сойсон морь ч тэсэхийн аргагүй бээрч хонов. Бүгд "дуусжээ" гэж дотроо сэм бодоход, ганцхан эхийн сэтгэл л "Айлд л орчихсон байгаасай, ядаж авдар савны ар, хөндий, орон доогуур орчихоогүй байгаа даа, тийм буян заяа байдаггүй л юм байхдаа" гэж энгэр дүүрэн нулимс урсган, бас итгэн, горьдон, горьдлого үл тасран хүлээж сууна. Марал бодно... Ээжий минь өнгөрөөд удаагүй байсан тэр шөнө зүүдэнд орж ирснээс хойш, Марал өөрийгөө давхар болсноо мэдэрч, бас итгэхгүйдээ хэд хонож, хязгааргүй их баярлаж буйгаа яаж илэрхийлэхээ мэдэхгүй, нөхөртөө хэлж чадахгүй байсаар хэдэн долоо хоног өнгөрчээ. Учир нь туурга тусгаарлаж, айл гэр болоод гурван жил болоход үрийн зулай үнэрлээгүй яваа билээ. Айлын гэргий болсон энэхүү хугацаанд Марал дотор биеэ чагнаж, үр хүүхэд мөрөөсөж, саахалт айлын эхнэрүүдэд атаархаж, нулимс урсган өнгөрөөсөн он жилүүд хөвөрсөөр юу юугүй гурван жил болжээ. Заримдаа биеийн юм цагтаа ирэхгүй хэд хоноход сэм баярлаж, одоо л нэг юм хүүхэдтэй болж гэж дотроо бодож байтал, жирэмсэн болоогүйн шинж аяндаа мэдрэгдэхэд "Заяагүй амьтан" гэж өөрийгөө дэмий л зүхдэгсэн. Эд хөрөнгөтэй газар хүүхэд төрдөггүй гэдэг үнэн юм гэж нутгийнхан ярина. Гурван жил болоход нойтон сормуустай амьтан заяагаагүй юм чинь, одоо хүүхэд гарна гэж юу л бол... гэх үгс ам дамжсаар түүний чихэнд хүрэхэд сэтгэлээр унахдаа, тэр зовлонгоо өөртөө л үүрэх гэж хичээнэ. Энэ мэтчилэн хэл ам дагуулан, хоног тоолон хүлээлгэж байж төрсөн ганц охиноо газар тавилгүй өсгөхдөө, "Хөөрхийдөө муу ээж минь энгэртээ тэврэх үртэй байг гэж цагаасаа өмнө явж дээ" хэмээн өрөвдөн боддог байлаа. Гэтэл тэр хөөрхөн бумбуул охин нь өнөөдөр гэртээ байхгүй. Ээж, аавынхаа хамаг л хайрыг аваад алга болжээ. Хувхай хоосон сэтгэлгүй хөндий цээж үлдээхэд, үхэх ч багадах хагацал тэдэнд учрах нь үнэндээ хорвоо тоглоод л байх шиг санагдана. Бумбуул охины сураг гарахгүй нэлээд хэд хонолоо. Бут довны хажууд торойх барайх тоолонд охиноо гэж гүйсээр очих, морь, машинтай хүмүүс ирээд явахад, өвөр түрүүг нь нэгжин харж, "авч явчихаад, авчирч байгаа юм биш байгаа" гэсэн горьдсон харцаар харахад сүүлдээ хэн хүнгүй л тэднийд буухдаа эмээж, зүрх алдана. Хажуу саахалтынхаа айлд хүртэл ороод "Танай авдрын ард ороод унтсан юм биш байгаа. Би үзээдэхье..., тэгэх үү" гэж гуйж царайчилна. Марал охиноо алдсан хувь заяатайгаа яагаад ч эвлэрэхгүй, бас итгэхгүй бүтэн намаржин гэрийн гадуур, дотуур хайж гүйлээ. Яалт ч үгүй байхгүй, багтах ч үгүй жижигхэн зайг хүртэл нэгжиж үзнэ. Ор дэрээ өдрийн хэд хэд л ухаж буулгаж, авдар савныхаа араар ухаж, урагш хойш нь хөдөлгөж үзээд, бүр цоожтой авдраа ч байн байн онгойлгож харна. Хашаа хорооны хойгуур, урдуур, дээгүүр, доогуур тонгойж, өдрийн хэд бол хэдэн ч удаа үзэхдээ цөхөрч шантрахгүйгээр үл барам, хайж болох бүхий л газруудыг нүд, сэтгэл, бие төрхөөрөө эрсээр л байлаа. Хаа холын дуу чимээг өөрийн эрхгүй чих тавин сонсож, "Ээжээ" гээд дуудах айлын хүүхдүүдийн дуунд хэдэнтээ ч гараад гүйв дээ. Ургахын улаан нар, уул, ус, долоон бурхан, Алтангадас одонд сүү өргөх л гэж өглөө эртлэн босож, хэдэн үнээгээ саана. Өглөөний мандах нарнаас эхлээд үдшийн бүрийд хүртэл гэрээ тойрч, сүүгээ өргөхдөө "Охиныг минь эсэн мэнд байлгаж хайрла" гэж залбирна. Элэг эмтэлсэн хувь заяандаа яагаад ч дасахгүй явах Марал, эхнэрийнхээ өрөвдмөөр байдлыг хараад, шар махтайгаа хатаж буй түүний нөхөр бүр ч илүү өрөвдөлтөй байх бөгөөд тэднийхийг тойрсон хэл яриа намжихгүй, эвий минь, халаг минь гэх үгсүүд тойрон эргэлдэнэ. Нэгэн шөнө унтаж байтал гэр дотор түжигнэх чимээ гарав. Марал шүдэнзээ салгануулан байж арайхийж зурж, лаагаа асаатал хавар давжаа гарсан гөлөг хатавчны ханын шийрээр шургаж орж ирээд, дулаан газар хайж байгаа бололтой гийнаж байлаа. Охиноо ороод ирлээ гэж бодоод ухасхийн боссон ч, эргэж орондоо хэвтэхийг хүссэнгүй. Даарч, өлсөж байгаа, нялх амьтан гэж санаад хоол өгч, хатавчны хаяа руу адсага дэвсээд хэвтүүлэв. Хэзээ Монгол хүн нохойтойгоо хамт хооллож, нэг гэрт хонож байлаа гэж бодовч, атигар жаахан охин нь энд тэнд ингээд л ядраад, зүдрээд яваа л юм шиг санагдаад, нэгэн жаахан амьтан хайрлачихвал ч зовлонгоос нь багахан ч болов нимгэлэх гэсэн санаа байлаа. Маралын иймэрхүү байдал биеэ муутгахад хүргэж, ялимгүй турж эцээд, нүднээс ч гарч эхлэв. Нутгийн хүмүүс Маралыг охиноо хайгаад гүйх ааш аяганд нь сэтгэлээ зүсүүлж, бас дэмий өрөвдөхөөс өөр юу ч үл хийж чадна. Саахалт айлынх нь авгайчууд ямар сайндаа л хоорондоо үглэн ярилцана. - Муу хар чацга, гарахгүй байж байж гарчихаад, энэ муу хүүхний өврийг харлуулаад, хаашаагаа алга болчихдог байнаа. Үрээ алдсан эхийн сэтгэлийн там гэдэг үгээр ч хэлэхийн аргагүй л байлгүй яахав дээ. Үнэндээ тамаа, там, там юм даа, хөөрхийс... Ээ Бурхан минь гэж дуу алдангаа хараах, өрөвдөхийг хослуулан ярина. Юу юугүй хүйтэрч, айлууд өвөлжөө хашаандаа бууцгааж, дулаан тохитой суух тэр цагт Марал охиноо олдоно гэж итгэсээр намаржааны хүйтэн бууцанд жиндүүлж, хөлдөж дагжитлаа л удаан суулаа. Тэгээд нулимс хөлдөөсөн өвлөөр аргагүй эрхэнд гэрээ ачаалж, өвөлжөө рүүгээ хөдөллөө. Охинтойгоо инээлдэж, шуугилдсан аз жаргалтай мөчүүдийг нь намаржааны бууцан дээр өвөл хөлдөөгөөд л аваад үлдчих шиг л боллоо. Бумбуул охиныхоо гэрээ тойроод түнтэгнээд гүйх, аягатай тарагаа асгачихаад хэлээ гаргаад, хуруугаараа зааж байгаа, халтайсан хошуу, уйлсан, инээсэн, эрхэлсэн, хорвоотой танилцах гэж ядаж буй дүр зургууд хөвөрнө. Гэрийнх нь гадаа тоодогнож ядрахгүй бор шувуунууд, тэдний шулганалдаан л сэтгэлд нь улам ойрхон санагдана. Яг л миний охин шиг шулганаад байх юмдаа гэж бодохоор л нулимс цээжинд бүдрээд л огшино. Марал шанага шанагаар нэрээд урсгасан ч тоогоо нь үгүй тавиланд сөхөрч л чадахаа ойлголоо. Өвөл ч өнгөрч, цагаан сар болдгоороо боллоо. Манай хоёр охиноо өдий болтол сураг ажиг байхгүй, олдохгүй болохоор тэр намрын сүүлчийн өдөр, өвлийн анхны хүйтэн хоногт даарч бээрээд, хээрийн амьтны идэш хоол болоод өнгөрчээ гэж бодно. Хэдүйгээр дөчин есөн хоног гүйцлээ ч цагаан сар хийхтэй манатай байлаа. Гэхдээ үр хүүхдээ золиослон байж хураасан айраг идээгээ оруулж, гэсгээгээд, орсон гарсан хүмүүст амсуулъя даа, ядаж охиныхоо хойноос буян хийе дээ... гэж ярьсаар, намар хураасан хоёр зуун литрийн задгай, том амтай, модон хувинтай айргаа арай ядан чирч зөөсөөр гэртээ оруулав. Тэсгэм хүйтэнд гадаа байсан болохоор айраг ч удаан гэсэж, Марал айргаа бүлэхээр эргүүтэл, бүлүүрт хүнд юм торох шиг болов. Айрганы гол гэсээгүй байж дээ гэж бодоод, дахиад эргүүлтэл хүүхдийн сэвлэг цухуйх шиг боллоо. - Ээжээ... хэмээн хашгирах гэргийнхээ дуунаар цочин харвал, эхнэрийнх нь царай хувхай цайгаад газар ойчив. - Яагаад манайд муу, муухай юм үүрлэх болов гэж нөхөр гэнэт сэжиглэн бодоод ухасхийн босох зуур, айрган дотор нь гуравхан настай охиных нь сэвлэг хөвж, тоодон бариувч нь цухуйж буйг хараад зүрх нь зогсчих шиг болов. Хэдэн сар хайгаад олдоогүй охин нь цагаан сарын өмнөхөн эрэл мухарлаж, сэтгэл санааг нь шулуутгав. Бидний хувь заяа, төөрөг тавилан юм байхдаа хэмээж гомдохдоо нулимс урсгахаас өөр юу ч хийж, бас яаж ч чадахгүйгээ ойлгоод л хорвоотой эвлэрлээ. Харсаар байтал халуун энгэр, дулаан алгандаа энхрийлэн хайрласан хуруухан чинээ охиноо алдаад явуулчихсан. Алдаж явуулахдаа охиныхоо сүүлчийн халуун амьсгалыг мэдэрч, анир үргээх хонгорхон дууг замхрахыг сонсоогүй ч, хорвоог хэзээ ч өршөөхгүй хатуу тавиланд дасахгүй гэж бүсээ чангалаад, хувь заяаны шуурганаар нөгөө ертөнцөд илгээгдсэн охиноо хөдөөгийн нэгэн зэлүүдхэн газар, цасны цоорхойд сэтгэл хөндүүрхэн тавиад буцаж ирлээ. Тэр өдрүүд гунигтай, өрөвдмөөр хэдүй ч хүнийх нь хувьд сүүлчийн замд үдсэн тэр шөнө анх удаа тэд бөх гэгч сайхан унтав. Түүнээс хойш зүүд нь хүртэл сайхан болж, зүүдэн дунд ээжий нь том уутаар дүүрэн чулуу өгч байна гээд зүүдлээд сэрлээ. Харин ээжий нь ууттай чулуунаасаа буцааж авсангүй, Тэр маш сайхан инээмсэглэсээр гарахдаа охиноо удаан үнсээд, эргэн эргэн харахдаа гар далласаар холдож билээ. 2008. 03. 29. Улаанбаатар хот

ЯАЖ Ч БОЛОХГҮЙ СЭТГЭЛ

2011 оны 12-р сарын 20 Нийтэлсэн B.Urangoo

Сүүн тэнгэр ододоо цацчихаад

Цонхны цаана дүнсийгээд л хоноход

Үгүйлэнхэн суудаг

Үйлийн үртэй сэтгэл минь

Дуун хорвоо тавилангаа зурчихаад

Дутуу юмгүй л өгчихсөн байхад

Бэтгэрэнхэн суудаг

Хувь дутуу заяа минь

Ядам хуруу дөнгөлөгдчихсөн

Яагаад ч нийлэхгүй тавилангийн

Янагхан хосын зүрхэн дээр

Ял шийтгэл шиг тамгалчихсан байхад

Ясандаа тултал санаашранхан суудаг

Яаж ч болохгүй сэтгэл минь

2010. 10. 24.

Улаанбаатар хот

Гэр хороолол

Батсүрэнгийн УРАНГОО-гийн шинэ номууд гарлаа.

2011 оны 12-р сарын 11 Нийтэлсэн B.Urangoo

Шинэ ном

setgeliin_urtus


2011 он дуусахтай уралдаж, шинэ жилийн халуун дулаан уур амьсгалд дунд миний 3 шинэ ном хэвлэгдэн гарлаа. 
2011 онд:

  • ТЭНГЭР УРВАХ ЦАГ - Яруу найраг
  • СЭТГЭЛИЙН ӨРГӨС- Яруу найраг
  • ОХИНОО ХАЙСАН НАМАР - Өгүүллэг гэсэн 3 ном гарсан шүү...

2004 онд:

  • БУРХНЫ ШУВУУ нэртэй анхны яруу найргийн номоо хэвлэсэн.

2007 онд:

  • ХААЯАХАН... яруу найргийн ном

•    ЭГЭЛ АМЬДРАЛ ЭГЭЛЭЭРЭЭ АГУУ дурсамжийн ном

•    БУРХНЫ ШУВУУ номоо дахин хэвлэж олны хүртээл болгосон.

nomnuud

ОХИНОО ХАЙСАН НАМАР - Өгүүллэг

ohinoo_haisan_namar

ТЭНГЭР УРВАХ ЦАГ - Яруу найраг

tenger_urbah_tsag

СЭТГЭЛИЙН ӨРГӨС- Яруу найраг

setgeliin_urtus

ШИНЭ ЖИЛИЙН БҮЖИГ

2011 оны 12-р сарын 09 Нийтэлсэн B.Urangoo


Охидын гоёсон даашинзны цав цагаанхан хормойд 

Одод эрхлэн бууж, цасан будран бударна 

Танан гэгээн аялгуутай  цэв цэнхэрхэн  шөнө

Танго бүжгийн  товшоо зүрхэн дундуур  урсана

                   Цас, өвөл хоёроор гоёсон

                   Цалин мөнгөн гацуурхнаа  чимье

                   Хотлоор цэнгэх баярын үдэш

                   Хоёулхнаа юм шиг эрхэмсэг бүжье

Хөнгөн  жаварт илбүүлсэн нам намуухан үдшээр

Хөгжил цэнгэл цацарч, баясал дүүрэн мишээнэ

Хөгжмийн  уяхан  аялгуутай зул шаргалхан шөнө

Хүслээ шивнэсэн  сэтгэлээс гуниг хулжин одно

                 Хундага дарс хоёроор гоёсон

                 Хойморьтоо ширээгээ засаад

                 Хотлоор цэнгэх  баярын үдэш 

                 Хоёулхнаа юм шиг эрхэмсэг бүжье

Охид ихэмсэг үзэгдэх цэв цэнхэрхэн шөнө

Орчлон сүүдрээ үргээж, хорвоог уярааж дуулна

Залуус эрхэмсэг харагдах цав цагаанхан шөнө

Замбуулин хайранд умбаж жаргалтай хөвнө

Чамд зориулсан хайр

2011 оны 11-р сарын 15 Нийтэлсэн B.Urangoo

Шүлэг: Б. Урангоо                                                                            

Аялгуу: Н. Бат-Өлзий

Дуучин: Т. Азжаргал /МУСТА/

Хамгийн нандин үгийг чамд зориулж хэлмээр

Хамгийн сайхан дууг чамд зориулж дуулмаар л байна

Хамгийн гэгээн нулимсаа чамд зориулж унагамаар

Хамгийн уяхан хайрандаа чамд зориулж жаргамаар

Дх:      Хамтдаа байх зүрхний минь

           Хайрын гал хэвээрээ

           Хамгийн сайхан сэтгэлд минь

           Хайрт минь чи ирээрэй

Хамгийн тансаг дарсыг чамд зориулж сөгнөмөөр

Хамгийн сайхан сарнайг чамд зориулж ургуулмаар л байна

Хамгийн гоёмсог даашинзаа чамд зориулж өмсмөөр

Хамгийн намуухан үдшээр чамд зориулж догдломоор

            Дх:

Хамгийн зөөлөн бороог чамд зориулж оруулмаар

Хамгийн дотно болзоонд чамд зориулж зогсмоор л байна

Хамгийн гэнэн дурсамжаа чамд зориулж хадгалмаар

Хамгийн жаргалтай амьдралаа чамд зориулж зохиомоор  

            Дх:

БИ ТӨРСӨН ЮМ...

2011 оны 11-р сарын 05 Нийтэлсэн B.Urangoo

Саран хоймороос алсрах шаргал намрын үүрээр

Сайхан хүмүүсийг баярлуулж, уйлж ирсэн юм

Салхиар дамжих дуугаан хорвоогоор нэг хадааж

Саруул орчлонд мэндэлснээ тэнхээгээрээ зарласан юм

Цэцэгс хүртэл атаархам үнэрийг орчлонд түгээж

Цээнэ хүртэл согтоом хайр дагуулж ирсэн юм

Шүүдэр хүртэл үргээм аялгууг хорвоод тарааж

Шүлэг хүртэл тэрлэгдэм эгшиг түгээж төрсөн юм

Далдхан нулимстай аавынхаа аньсага нүдийг норгож

Даавуу дээлнийх нь хормойд анх өлгийдүүлсэн юм

Харц нь дулаан ээжийнхээ энгэрийн сүүг нь асгаруулж

Халуун сэтгэлийнх нь нөмөрт зүүрмэглэж жаргасан юм

Домог хүртэл багадам хорвоогийн нэгээхэн зайд

Дурлал хүртэл ивлэж сүй бэлдсэн юм

Зүүд нь хүртэл томдсон саахалтын жаахан хүү

Зүрхэндээ хүртэл харамнаж манцуйндаа уйлж байсан юм

Намрын үүрээр орчлонг дуугаараа аргадан байж

Навчин дээр хярууг шүлэг шиг дэлгэж ирсэн юм

Нандин увидас хөглөж найраг тэрлэж бай гэж

Нялх жаахан зүрхэнд минь хорвоо тэгэхэд тушаасан юм

Дуулж, уйлж төрөхөд замбуулин зөөлөн байсан шиг

Дутууг нөхөж ирсэн миний жаргал байсан юм

Дуурсах боломж атгасан шүлгэн хэлхээг өрөх гэсэн

Дурламаар нандин тавилан надад тэгэхэд заяасан юм

2006. 07. 29.

ЖИГҮҮР ЧИНЬ ЦУЦАХ БАЙСАН Ч УЛАМ ӨНДӨРТ НИСЭЭРЭЙ

2011 оны 11-р сарын 02 Нийтэлсэн B.Urangoo

Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Ламжавын Нарантуяа гэх энэ дуучин бүсгүй Завхан аймгийн Идэр сумаар овоглогдож, "Очирваань уул холбоо" уран бүтээлийн нэгдэлд харъяалагддаг. Угийн төрөлхийн авъяас чадлаараа өнөөдрийг хүртэл уран бүтээлчдийн дунд байр сууриа олсоор байгаа дуучин Л. Нарантуяаг Монголын ард түмэн сайн мэддэг болжээ. МУГЖ, морины хэмээн алдаршсан Ж. Нансалмаа багш нь олон дуучдаас харж, сонсож, сонгон байж гарын шавиа болгож, 108 морьдын дуунуудаа дуулах эрхийг 2007 оны анхны тоглолт болох "Адуун заяа, амин заяа" нэртэй уран бүтээлийн цэнгүүн дээр албан ёсоор зарлаж, хүлээлгэн өгч байсан. Өнөөдөр дуучин бүсгүй "Сүлдэнд мөнхөрсөн морьд" нэртэй 18 морины дуутай CD гаргаад ард олондоо хүргэсэн. Энэ CD-нд багшийнхаа 5 дууг л дуулж оруулсан бөгөөд бусад уран бүтээл дан шинэ, өөрийнх нь уран бүтээлүүд байсан нь Морины Нараа гэх тодотгол улам л тодорсоор байгааг илтгэнэ. Түүний Хангал зээрд, Зандан шоо, Морьд мину зээ, Хоёр хээр, Аргамжаатай саран, Сүлдэнд мөнхөрсөн морьд, Цэцэгт хээр... гэх мэт олон олон дуунууд ард түмэнд хүрсээр байна. Ламжавын Нарантуяа 2011 оны 11-р сарын 03-нд өөрийнхөө төрсөн өдрөөрөө та бүхэндээ зориулж СҮЛДЭНД МӨНХӨРСӨН МОРЬД хэмээх бие даасан тоглолтоо хийх гэж байна. Түүний тоглолтын билет зарагдаж дууссан ба нэмэлтээр 0 суудал гаргаж, олон хүмүүсийг хамруулж үзүүлэхээр боллоо.

ДУУЧИН Л. НАРАНТУЯАГИЙНХАА УРАН БҮТЭЭЛД ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЭЭД, ЭРҮҮЛ ЭНХИЙГ БЭЛЭГДЬЕ...!

ЖИГҮҮР ЧИНЬ ЦУЦАХ БАЙСАН Ч БҮР УЛАМ ӨНДӨРТ НИСЭЭРЭЙ ГЭЖ ЕРӨӨЕ!!! 

БАТСҮРЭНГИЙН УРАНГОО

ЛАМЖАВЫН НАРАНТУЯА

2011 оны 10-р сарын 31 Нийтэлсэн B.Urangoo

МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ЛАМЖАВЫН НАРАНТУЯАГИЙН "СҮЛДЭНД МӨНХӨРСӨН МОРЬД" ТОГЛОЛТ БОЛНО. ЯРУУ НАЙРАГЧ Б. УРАНГОО БИ ЭНЭ ТОГЛОЛТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРЭЭР АЖИЛЛААД ТҮМЭН ЗАВГҮЙ БАЙГАА УЧИР БЛОГТОО МОРИЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА. ХИЙХ ГЭЖ БАЙГАА АЖЛЫНХАА ТАЙЛАНГ ДОР СИЙРҮҮЛЭН ТАВЬЛАА... БАС МУСТА, СҮЛДЭНД МӨНХӨРСӨН МОРЬД CD-НИЙ БАЯРЫГ 10-Р САРЫН 13-НД ТЭМДЭГЛЭН ӨНГӨРӨӨСӨН. ЭНЭ Ч МИНИЙ АЖЛЫН НЭГ ХЭСЭГ БАЙЛАА. ЗА ТЭГЭЭД ТОГЛОЛТ БОЛТОЛ ЭНЭ БИЧЛЭГТ СЭТГЭГДЭЛ БИЧЭЭД Л МИНИЙ БЛОГНИЙ ЭНЭ ХУУДСЫГ АЖИЛЛУУЛЖ БАЙХ НЬ ТА НАРЫН ТУС ШҮҮ...!!!

Мэндчилгээ

         Эрхэмсэг ноёд, хатагтай та бүхнийхээ гэгээн оюун, билэгт сэтгэлийн тань түмэн амар амгаланг айлтгъя...! Урлаг хэмээх өндөр гал голомттой их айлд дуун цацал өргөсөөр, ДУУЧИН хэмээх алдрыг хүртэж байгаадаа түмэнтээ бахархахын сацуу ард түмэн та бүхэндээ олон сайхан дуунуудыг хүргэж, уран бүтээлийн замд эргэлт буцалтгүйгээр орж, дуулсаар яваа дуучин бүсгүй би СҮЛДЭНД МӨНХӨРСӨН МОРЬД тоглолтоо аадар шиг шаагих алга ташилтын нижигнэсэн дуунд, сэтгэл зүрхээрээ дэмжиж буй итгэл дээр тань дэлгэн тавьж байгаадаа туйлаас их баярлаж байна.

Адуу хэмээх гайхамшигтай тэнгэрлэг амьтдын торгон жолоо дор, хаа холын домгоос алдар цууг магтан дуулж, аз хийморийг урин дуудсан монгол морьдын хатираанд, уярал хайрыг хөглөсөн зүрхний төвөргөөнөөр, сэтгэлийг долгисуулах дуун аялгуутай энэ үдэш та бүхнийг гүн хүндэтгэлтэйгээр хүрэлцэн ирж, саатан сууж, тухлан үзэхийг урьж байна.  /билетийн эхний нүүр сөхөхөд уншигдах болно/

ДУУЧИН ЛАМЖАВЫН НАРАНТУЯА

            Жаахан шарга хэмээх алдарт хүлэг будрын чулууг түшээд босоогоороо нөгцсөн гэдэг. Аргагүй шүү дээ, амьтны жамаар халиагүй энэ хүлэг бусдаас онцгой болоод л тэр байх... Сүүлнийхээ хялгасаар домгоо бичиж үлдээдэг, эрдэнийн дээд молор эрдэнэ гэж адуун сүргээ монголчууд дээдлэн шүтдэг. Хэдүй ном шашдирын хуудаснаа бичиглэн үлдэх, ард түмний сэтгэлийн гүнээ дурсагдан хуучлагдах түүхээ өөрөө л бүтээдэг адуун сүрэг гэдэг гайхамшигтай, тэнгэрлэг, эгэлгүй амьтад билээ. Түүх эдгэрч, домог бүдгэрсэн ч хүний сэтгэлийн зөн билиг өөрөө мартагдаж, элэгдсэн бүхнийг амирлууах хүч тамирыг агуулдаг гэдэг.

          Тэгвэл Монгол морьдын домгийг он цагийн өмнөөс тодруулан авчирч, нутгийн бүлээн хээлнээс наашлуулан уралдуулж, найр наадмын түрүүнд эрчүүд нулимсаа барилгүй алдаж унагадаг, шандас, хурд, гүйдлээрээ халхын эрсийн нөхөр болж, хийморь, цог золбоогоороо бусдад гайхагдсан адуу хэмээх эгэлгүй амьтан, тэр дундаасаа морьдын тухай дуулж явах ховорхон хувь тавиланг нэгэн дуучин бүсгүйд илгээсэн байна. /Сүлдэнд мөнхөрсөн морьд" тоглолтын билетний хамгийн арын нүүрэнд бичигдсэн миний үгээс /

Яруу найрагч Батсүрэнгийн Урангоо /Эгэл амьдрал эгэлээрээ агуу номоос/

           СҮЛДЭНД МӨНХӨРСӨН МОРЬД тоглолтонд  Л. Нарантуяагийн багш морины хэмээх алдаршсан Ж. Нансалмаа /МУГЖ/, Завхан аймгаараа овоглосон С. Батсүх /МУГЖ/, У. Далантай /МУГЖ/, хөтлөгчөөр яруу найрагч Ш. Гүрбазар /МУСГЗ/, Очирваань уул холбооны уран бүтээлчид, Төмөр замын дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид оролцоно.

Тоглолт: Монгол бөхийн өргөөнд: 2011. 11. 03. 19. 00.

Утас: 99056229, 96610687, 93064306, 88008149

         Жич: Дуучин Л. НАРАНТУЯА, П. Бямбахүү хамтран анхны тоглолтоо 2009 онд "АДУУН ЗАЯА, АМИН ЗАЯА" нэртэйгээр Монгол бөхийн өргөөнд тоглогдож, ард олондоо дуун цацлаа өргөсөн.

Саяхан Л. Нарантуяа МУСТА цолоо угааж, СҮЛДЭНД МӨНХӨРСӨН МОРЬД нэртэй CD-ний баяраа тэмдэглэж, анд нөхөд, ах дүү, аав ээж нараа цуглуулж нэгэн үдшийг өөртөө зориулсан байна.

2011 оны 10-р сарын 15

 Хамгаас хайрт ээж С. Хорлоогийн гэгээн дурсгалд

                       Хөндий дүүртэл хөвсөлзөх хөдөөгийн шар талд

                        Хөөрхий хоёрын минь оромж салхинд дэрвэж харагдлаа

                        Хөл нүцгэн гүйж явсан бага нас минь

                        Хөвөнтэй цамцтайгаа саяхан юм шиг санагдав

                        Буянтай хоёрынхоо голомтод сэтгэл хотойж ороход

                        Бурхад заларсан юм шиг зургад нь инээмсэглэж угтлаа

                        Борви хийх завгүй тоглосон хүүхэд насны

                        Бойтогны минь хонхон дуу жингэнэх шиг болоод өнгөрлөө

                        Эзэн нь үгүй та хоёрын минь төрхөмд

                        Эцэг минь гаансаа тогших шиг болов

                        Элдвийг үглэн байж шуухитнадаг

                        Ээжийн минь эвийлэх дуу сонстох шиг болов...

        ...Тиймээ таныг явсны дараа энэ л зураг нүднээс, сэтгэлээс гарсангүй ээ... Аавыгаа алдчихаад дурсамж бичиж суухад, хичнээн их уй гунигийн нулимс урсаж байсан ч, таныгаа байгаа болохоор бичиж чадаж байсан юм билээ. Харин таныгаа алдчихаад сэтгэл шантраад, зүрх алдан сууж байхдаа би яагаад ч бичиж чадахгүй байна. Аав, охин, та гурваа хэдхэн жилийн дотор цувруулж алдчихаад ямар жаргалаа гэлтэй биш. Зовж байсан бүхнээ хувь тавилан гэж ойлгоод орчлонг аргадаж л явахаас даа. Аавыг нь авчихлаа, ээжийг нь үлдээе гэдэггүй л юм байна, энэ хорвоо чинь...

        Дээд нүдний зовхи жирэвсхийхийн дайтай, дасаж ижилдсэн сэтгэлийн минь дэргэдээс сүүдэр ч үгүй явчихлаа гэж үү...! Өөр ертөнцөд одсон та нараас минь өөр юу ч үгүй өнчин зүрх минь уйлж, нулимсанд хорвоо ханаж цадахаар бол цадахаар л нэг урсгалаа. Өөрөөр яах билээ..., яах ч билээ..., яаж ч чадах билээ...

        Хорин жил өлхөн элээх настай та минь ядаж хоёрхон сарыг ч хүлээсэн болоосой гэхээс сэтгэл минь ямар их шаналж, бас сэмэрч, зумрана вэ...? Энэ бүхний төлөө би өөрийгөө л буруутгаж, зэмлэж, хувь заяагаа зүхээд л суудаг. Бас энэ их хагацал зовлонг даагаад гарах чадал, давах тэвчээрийн хязгаар дуусаж байх шигээ... Үгээр өгүүлээд ч бардаггүй ээ, ээжээ...

        Хэдүйд  л таныхаа инээмсэглэчихсэн явдаг тэр сэргэлэн бор төрхийг үгүйлж, нүдэндээ урнаар зурдагсан. Үүнээс цааш бичих гэхээр бүр аймаар...

       Зовоож, жаргааж явсныгаа мэдэхгүй байнаа, охин нь... Гомдоож байсныхаа төлөө уучлал гуйж чадахгүй ээ, ээжээ... Яах юм бэ..., яах юм..., намайг битгий уучил..., уучлаад ч дэмий... Харин хуудас цааснаа мөнхлөн үлдээх охинтой юм байна лээ шүү гэж хэлэх л гэсэн юм.   

                                      Нар усандаа согтсон

                                      Навчны өнгө нь та байсан юм билээ

                                      Нар нь хүртэл хоргодох

                                      Намрын тал нь бас та байсан юм билээ

                                      Ертөнц танаар дутах юм гэж

                                      Урьд нь хэзээ ч бодсонгүй ээ

                                      Нуур нь ширгэсэн зун шиг

                                      Нутаг минь эзгүйрчихнэ гэж даанч санасангүй ээ...

         Аз жаргал гэгчийг хайгаад гэрээсээ гарсан боловч би олоогүй. Өлмий дороос өвс хатгаж, өлөн дундуур хөл нүцгэн сав барьж гүйсэн бага нас, ээжий, аав хоёртойгоо эрхэлж өссөн гал голомт, аавын минь алган дуу, ээжийн минь зумалсан чимхэлт, бурууг хийчихээд загнуулдаг, зөвийг олоод өхөөрдүүлдэг хүүхэд нас, тэр тусмаа төрсөн гэртээ та бүгдтэйгээ байх минь жинхэнэ аз жаргал байсан юм билээ.

                        Уучлаарай, ээжээ...

                       Буурал мөнх орчлонгийн заяан дор мөргөе

                      Бурхан гэгээн дүрийн тань сүлдэн дор залбиръя

                    ...Намрын намарт хуйлрах гунигаас минь илүү та минь л сэтгэлд тээгдэнэ. Нутгийнхаа нууранд гунигаа гээхээр би эрэг даган удаан алхалахад, нулимстай хамт бичигдсэн энэхүү дурсамж намайг улам илүү даарууллаа. Намаржин мэлмийтэл асгарсан зөөлөн цагаан бороог одоо л нэг анзаарахад, норсон хувцас хайраад ээжийг минь санагдуулаад байсан юм аа.

1950-2003. 03. 28

2003. 05. 26

Битгий л яараарай, ээжий минь ээ

2011 оны 10-р сарын 15 Нийтэлсэн B.Urangoo

Б. Урангоо


Хамгийн хархан үсэнд хяруу унах юм

Хайрлахдаа чангахан л дуулах юм даа, хүү нь

Намар намрынхаа сэрүүнд заавал золгоно

Нутгаасаа л битгий нүүгээрэй, ээжий минь

Дх:        Дэргэд минь ойрхон, дэндүү ойрхон байж

 Дэлхийг уяраагаад дуулмаар сайхан байхад

Хажууд минь ойрхон, хамгийн ойрхон байж

  Хорвоог аргадаад жаргамаар сайхан байхад

Холдохын учиргүй сайхан ээжий минь

Холдоод битгий явчихаарай, санана шүү

Зөөлөн цагаан сэтгэл сэвлэг илбэх юм

Зүүдлэхдээ дандаа л дуудах юм даа, хүү нь

Бууралхан таныхаа тэвэрт заавал очноо

Битгий, битгий л яараарай, ээжий минь

Дх:

Сайхан алагхан нүдэнд нулимс торох юм

Санахдаа зөндөө л уйлах юмдаа, хүү нь

Намар буцахдаа үнсүүлчихээд л мордоно

Нулимстай л битгий үлдээрэй, ээжий минь

Дх:

2010. 03. 08

Чамд зориулсан хайр Дуучин: Т Азжаргал Шинэ дуу

2011 оны 10-р сарын 08 Нийтэлсэн B.Urangoo
Шүлэг: Батсүрэнгийн Урангоо Аялгуу: Н. БатӨлзий Дэлгэрэнгүй»

ААВ, ЭЭЖ ХОЁРЫН МИНЬ НУТАГ

2011 оны 10-р сарын 01 Нийтэлсэн B.Urangoo

Энгэрт нь эрхлэн өссөн уулын минь өвөр

Энэ миний л аав, ээж хоёрын минь нутаг

Элдсэн арьс шиг зөөлөн угтах нутгийн минь шороо

Энэ миний л аав, ээж хоёрыг минь хөдөөлүүлсэн бурхны орон

Сартай шөнөдөө дандаа зочилдог

Сайхан хоёрынхоо голомтыг эргэхээр би ирлээ

Багадаа өрөөлдөн нөмөрдөг буянтай хоёрынхоо дээлний

Буртагтай, саальтай үнэрийг нь санаад нулимсаа шингээх гэж би ирлээ

Зүүдэндээ дандаа л үздэг аав, ээж хоёрыгоо

Зүүн бүрдний зэрэглээнд саатан харахаар би ирлээ

Зүгээр байдаггүй хорвоог зөөллөн аргадаж хоцорсон талын тэнгэр

Зүс нь үл үзэгдэх ч цэгээн чулуунд нь мөргөхөөр би ирлээ

Та хоёрыгоо байхад нутаг минь

Тал нь дүүрэн байдаг гэж бодоогүй явж

Таанын толгой ишин дээрээ гунхаад

Тараг айраг цатгалан исдэг гэж мэдээгүй явж

Зүлгэж эрхлүүлдэг хөх салхиндаа

Зүгээр л нэг илбүүлэх гэж би ирлээ

Зүс нь ижил хоёр шаргаараа

Зүүн, баруун цүүрээрээ бууж мордох гэж би ирлээ

Илж урсдаг цүүрийнхээ өлөнгөөр

Ижилсэж их л хөл нүцгэн гүйсэндээ

Ээжийнхээ хийж өгсөн цэнхэр даашинзаар

Энгэрийн цэцэгстэй ихэрлэж зөндөө л гоёсондоо

Цэлийсэн тал, уул, усаа хараад

Цэгцэрч өгдөггүй бодлоо эмхэлж авах гэж би ирлээ

Цэлэлзээд ирдэг нулимсаа унагааж, зөөлхөн аргадуулахаар

Цэцэгт нугынхаа буурлуудад золгох гэж би ирлээ

Эвийдээ миний аав, ээж хоёрын минь нутаг

Энгэр шигээ дулаахан байсандаа

Эмзэглэж хатсан элгээ дэвтээх гэж ирэхэд

Ээх нарны илч нь дутуу санагдаад болдоггүй ээ

Энэ ч аргагүй шүү дээ, хэндээ ч буруугаа өгөхөв

Элээх оймсны тоо дуусаагүй та хоёр минь байхгүй

Эргээд ирэх ч биш, эргүүлээд босгочих ч биш

Эмээгийн гарт дахь эрих шиг он жил эргэсээр л үлдлээ

2003. 06. 08.

Намар болжээ дээ, янз нь...

2011 оны 09-р сарын 25 Нийтэлсэн B.Urangoo

Хэдэн бор шувуу тооно дамжин шулганаад 

Хаяаны навсгар уранхайг салхи даллаж тоглоод

Хананы шаараар нар ёозгүйхэн тусаад

Хамаг сэтгэл хаа сайгүй гэгэлзээд

Намар болжээ дээ, янз нь...

Хавар ирсэн шувууд нуурандаа суух нь цөөрөөд

Хадлан өвсөө настайчуул эртнээс базаах гээд

Хундага, хөхүүр хоёр нь хором хоромоор дундраад

Хаяаны айлын залуу үүр цүүрээр ирээд

Намар болжээ дээ, янз нь...

Манхан бараатай зэрэглээ манан адил суугаад

Мөнгөн сортой хяруу шөнөдөө дарайж хоноод

Магнаг сартай хээр уяан дээрээ сойгдоод

Манай голынхны найр наадам ихсээд

Намар болжээ дээ, янз нь...

Зовж амьдрах гэж айлын бэр болоогүй...

2011 оны 09-р сарын 24 Нийтэлсэн B.Urangoo
Зовж амьдарна гэж би айлын бэр болоогүй

Жаргаж ханьсанаа гэж хүний хань болсон

Зорьж ирсэн зовлонг даагаад би гарнаа

Зовлонг дагасан гомдлыг нуугаад би сөрнөө

Ширүүхэн хайрхан шиг цохилох уур омгийг нимгэлж

Шимж амссан сархадыг болиулж би чаднаа

Шинэхэн ханилсан хайрынхаа гал халуун сэтгэлээ

Ширгээж дундраахгүйгээр авч явж бүр чаднаа

1998 он

Ээжийгээсээ хоцрох ийм хэцүү байдаг гэж...

2011 оны 09-р сарын 23 Нийтэлсэн B.Urangoo

Бариувчийг минь үнэрлэж эрхлүүлдэг

Ээжийдээ иртэл, буцаад одчихжээ...

Оодон хүрэн дээлнийх нь

Хормой дэвэх шиг

Намрын салхи л хээлж байх юм

Ээжийгээсээ хоцрох ийм хэцүү байдгийг

Энгэрээ тэврээд үлдэхдээ одоо л ухаарч сууна даа

2004. 07. 16

 Эрдэнэ-Уул, Баруун цүүрийн гол